Тайлбар толь

Холимог тулааны дүрэм

Холимог тулааны тэмцээнд мөрдөх бүх дүрэм дотроос дэлхийд хамгийн их түгэн тархсан нь Холимог тулааны нэгдсэн дүрэм (Unified Rules of Mixed Martial Arts) юм. Өнөөгийн байдлаар Холимог тулааны нэгдсэн дүрмийг АНУ-ын бүх мужийн спорт хороод зөвшөөрдөг бөгөөд UFC-ээс авахуулаад дэлхийн олон холбоод энэ дүрмээр тэмцээнээ шүүн явуулж байна. Зарим холбоод тэмцээнээ өөр дүрмээр шүүн явуулдаг ба үүнд Shooto болон PRIDE холбоодын дүрмүүдийг дурдаж болох юм.

Холимог тулааны нэгдсэн дүрэм
(Unified Rules of Mixed Martial Arts)

Тулааны үе (Rounds)

Тулааны үе тус бүр 5 минут үргэлжлэх бөгөөд үе хооронд нэг минутын завсарлага байна. Аваргын цолны төлөөх бус тулаан гурваас дээш үе үргэлжлэх ёсгүй (боловч тухайн мужийн спорт хороо зөвшөөрсөг тохиолдолд гурваас дээш үе үргэлжилж болно). Аваргын цолны төлөөх тулаан таван үе үргэлжлэхийг зөвшөөрдөг.

Хувцас хэрэглэл

Бүх тамирчид батлагдсан загварын богино өмд (шуудаг), барьц авахад боломжтой хуруу ил гарсан 4-6 унцын бээлий өмсөнө. Гутал, ги (кимоно), өмд өмсөхийг хориглоно. Түүнчлэн спорт хорооны ажилтнууд тэмцээнд оролцох тамирчинг шүд болон цавьны хамгаалалт зүүсэн эсэхийг шалгадаг.

Тэмцээнийг шүүх аргачлал 

Бүх тулааныг 10 онооны системээр шүүнэ.


 Үнэлгээ олгох 10 онооны систем
Үнэлгээ олгох 10 онооны систем гэдэг нь бокс, кикбокс, холимог тулааны урлаг мэтийн тулааны спортын тэмцээнд оролцогч тамирчдад үнэлгээ олгох аргачлал юм.

Уг аргачлал ёсоор хажуугийн шүүгч нэр тухайн раунд (үе)-ад ялсан гэж үзсэн тамирчинд 10 оноо, ялагдсан гэж үзсэн тамирчинд 9 буюу түүнээс бага оноо өгдөг. Тамирчин тухайн раундад нокдаунд орсон бол түүнд 8 оноо, харин эсрэг талын тамирчинд 10 оноо өгнө. Тамирчин тухайн раундад эсрэг тамирчнаа илт давамгайлсан гэж үзвэл шүүгч түүнд 10 оноо өгч, эсрэг талд нь 8 оноо өгч болно. Тулаан төлөвлөсөн бүх раундын турш өрнөж дуусахад, ялагчийг тамирчдын цуглуулсан онооны нийлбэр дүнгээр тодруулна. Тулааныг төлөвлөсөн бүх раундын турш өрнүүлж дуусгах боломжгүй болсон тохиолдолд уг тулааныг хүчингүйд тооцдог. Тамирчин тэмцээний дүрэм зөрчсөний улмаас оноо хасуулах буюу тухайн раундад тамирчид тэнцүү оноо авах тохиолдол гардаг ба ингэсний үр дүнд тамирчдын цуглуулсан оноо адил байвал, тамирчдыг тэнцсэнд тооцно. Тэмцээний дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзвэл дэвжээний шүүгч тамирчны буруу үйлдэл тутамд нэг оноо хасч болно.


 Хориглох үйлдэл

Тулааны явцад тамирчин, түүний засуул дараах үйлдэл хийхийг хориглоно.

- Дэвжээий хязгаарлагч олс буюу торноос барих, зуурах;
- Өрсөлдөгч тамирчны шуудаг, бээлийнээс барих, зуурах;
- Толгойгоороо мөргөх;
- Нүдийг чичих;
- Хазах, нулимах;
- Үс зулгаах;
- Завждах;
- Цавинд цохих;
- Сүв, арьс язарсан шарханд хуруугаа санаатай хийх;
- Дээрээс буулгаж тохойлдох;
- Сээр, шил, дагзанд цохих;
- Бөөрөн тус газар өсгийдөх;
- Хоолойнд цохих, гарын сарвуугаар атгаж багалзуурдах;
- Маажих, чимхэх, эгэмнээс атгах;
- Өрсөлдөгч тамирчинг
гуравдагч цэгээр газар хүрсэн үед толгойнд өшиглөх, өвдөглөх;
- Өрсөлдөгч тамирчинг
гуравдагч цэгээр газар хүрсэн үед дэвсэх;
- Тулааны явцад хараалын үг хэлэх;
- Өрсөлдөгч тамирчинг гэмтээхүйц спортын ёсзүйд үл нийцэх аливаа үйлдэл хийх;
- Идэвхгүй байх (тулалдахаас зайлсхийх, шүдний хамгаалалтаа санаатай унагаах, бэртсэн мэт дүр эсгэх буюу баашлах);
- Тамирчдын засуулууд тулаанд саад хийх;
- Өрсөлдөгч тамирчинг ринг, тор давуулж түлхэх, шидэх;
- Дэвжээний шүүгчийн өгсөн зааврыг илтэд зөрчих;
- Өрсөлдөгч тамирчинг толгой, хүзүүгээр нь газар хатгаж шидэх;
- Өрсөлдөгч тамирчинг тулааны үе дууссаныг зарласан дохио дуугарсны дараа довтлох.


 Нокаут

Нокаут (англ. knockout) гэдэг нь биедээ хүчтэй цохиулсны дүнд тамирчин толгой нь эргэж, хөдөлгөөний баримжаагаа хэсэгчлэн буюу бүрэн алдах, эсхүл ухаан алдахыг хэлэх бөгөөд энэ нь бокс, кикбокс болон холимог тулааны тэмцээнийг зогсоох үндэслэлийн нэг юм. Бокс, кикбоксын тэмцээнд тамирчин биедээ хүчтэй цохиулж, дэвжээний шүүгч 1-ээс 10 хүртэл тоолсны дараа тулааныг үргэлжлүүлэх чадваргүй байгаа бол уг тамирчинг нокаутаар ялагдсанд тооцдог. Нокаутыг "КО" гэж товчилж бичдэг.

Холимог тулаанд бол дэвжээний шүүгч тамирчинг ухаан алдсан гэж үзвэл тоо нээхгүйгээр тулааныг шууд зогсоодог.


Техникийн нокаут

Техникийн нокаут (англ. technical knockout) гэдэг нь гэмтэл, толгойны арьс язрах буюу тулааныг үргэлжлүүлэхийг боломжгүй болгож байгаа бусад нөхцөл байдлын улмаас тулааныг дэвжээний шүүгч, эмч, тамирчны засуул, эсхүл тамирчин өөрөө зогсоохыг хэлнэ. Техникиийн нокаутад орсон тамирчинг ялагдсанд тооцдог. Техникийн нокаутыг "ТКО" гэж товчилж бичдэг.

Холимог тулаанд бол дэвжээний шүүгч тамирчинг биеэ хамгаалах чадваргүй байна гэж үзвэл тулааныг шууд зогсоох бөгөөд тухайн тамирчинг ТКО-аар ялагдсанд тооцдог.

Нокдаун

Нокдаун (англ. knock down) гэдэг нь тамирчин биедээ цохиулсны дүнд гуравдагч цэг (өвдөг, өгзөг, гар г.м.)-ээр рингний шаланд хүрэхийг хэлнэ. Ингэсэн тохиолдолд дэвжээний шүүгч 8 хүртэл тоолно. 8 тоолж дуусахад боксчин босч зогсоогүй бол дэвжээний шүүгч үргэлжлүүлэн 10 хүртэл тоолдог. 10 хүртэл тоолж дуусахад боксчин босч зогсоогүй бол дэвжээний шүүгч тулааныг зогсоож, уг тамирчинг нокаутаар ялагдсанд тооцдог.

Боксчин рингнээс гарч унасан тохиолдолд түүнд сэргэх боломж олгож 20 секундын хугацаа өгдөг.

Босоо нокдаун гэдэг нь дэвжээний шүүгч боксчинг рингний хязгаарлагч олсыг налсны дүнд гуравдагч цэгээрээ шал хүрэлгүй, хөл дээрээ тогтож чадсан гэж үзэхийг хэлнэ. Ингэсэн тохиолдолд дэвжээний шүүгч 8 хүртэл тоолдог. Гэвч аваргын цолны төлөөх тулаанд босоо нокдауны дүрэм үйлчилдэггүй.

Флэш буюу босоо нокдаун гэдэг нь боксчин гуравдагч цэгээр рингний шаланд хүрсэн ч шууд босоод зогсохыг хэлнэ. Ингэсэн тохиолдолд дэвжээний шүүгч мөн адил 8 хүртэл тоолдог.


Шүүгчдийн шийдвэр
 
Мэргэжлийн тулааны тэмцээний явцад дэвжээний болон хажуугийн шүүгч нэр хяналт тавьж, дараах шийдвэрийг гаргана. 


Шүүгчдийн нэгдсэн санал
(Unanimous decision) гэдэг нь тулааны спортын тэмцээнд ялагчийг тодруулах нэг хэлбэр бөгөөд хажуугийн гурван шүүгч гурвуулаа, өрсөлдөгч хоёр тамирчны аль нэгийг ялсанд тооцохыг хэлж байгаа юм. Англи хэлэнд шүүгчдийн шийдвэрийн энэ төрлийг "UD" гэж товчилж бичдэг.

Шүүгчдийн зөрүүтэй санал
(Split decision) гэдэг нь тулааны спортын тэмцээнд ялагчийг тодруулах нэг хэлбэр бөгөөд хажуугийн гурван шүүгчийн хоёр нь, өрсөлдөгч хоёр тамирчны нэгийг ялсанд тооцсон, харин сондгойрсон шүүгч нөгөөг нь ялсанд тооцохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр шүүгч "А" тамирчинд ялалт заасан байхад гурав дахь нь "Б" тамирчинд ялалт заахыг ойлгоно. Англи хэлэнд шүүгчдийн шийдвэрийн энэ төрлийг "SD" гэж товчилж бичдэг.

Шүүгчдийн олонхийн санал (
Majority decision) гэдэг нь тулааны спортын тэмцээнд ялагчийг тодруулах нэг хэлбэр бөгөөд хажуугийн гурван шүүгчийн хоёр нь, өрсөлдөгч хоёр тамирчны аль нэгийг ялсанд тооцсон, харин сондгойрсон шүүгч нь тамирчдыг тэнцсэнд тооцохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр шүүгч "А" тамирчинд ялалт заасан байхад гурав дахь нь "А", "Б" тамирчдын хэнд ч ялалт заагаагүй байхыг ойлгоно. Англи хэлэнд шүүгчдийн шийдвэрийн энэ төрлийг "MD" гэж товчилж бидэг.

Шүүгчдийн олонхийн саналаар тэнцэх (
Majority draw) гэдэг нь тулааны спортын тэмцээнийг дүгнэх нэг хэлбэр бөгөөд хажуугийн гурван шүүгчийн хоёр нь, өрсөлдөгч хоёр тамирчинг хоюуланг нь тэнцсэнд тооцсон, харин сондгойрсон шүүгч нь аль нэг тамирчинг ялсанд тооцохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр шүүгч "А", "Б" хоёр тамирчны алинд ч ялалт заагаагүй байхад гурав дахь нь "А", "Б" хоёрын аль нэгд ялалт заахыг ойлгоно. Англи хэлэнд шүүгчдийн шийдвэрийн энэ төрлийг "Draw" гэж товчилж бичдэг.

Тулааныг болоогүйд тооцох (
No contest) гэдэг нь тулааны спортын тэмцээнийг дүгнэх нэг хэлбэр бөгөөд энэ ойлголтыг бокс хийгээд холимог тулааны урлагт өөр өөрөөр авч үздэг.

Холимог тулааны урлагт дараах тохиолдолд ийм шийдвэр гаргадаг:

1. Өрсөлдөгч тамирчид нэгнээ тэмцээний дүрмийг санамсаргүй зөрчиж гэмтээсний улмаас тамирчин тулааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон үед энэ шийдвэрийг дэвжээний шүүгч, эмч, тамирчин өөрөө, эсхүл тамирчны засуулын аль нэг нь гаргана.

Жишээ: 2004.08.15-нд Япон улсын Сайтама хотод болсон Pride Final Conflict 2004 тэмцээний хүрээнд Орос улсын тамирчин Фёдор Емельяненко, Бразил улсын тамирчин Антонио Родриго Ногейра нар тулааны явцад толгойгоороо мөргөлдсөний улмаас Емельяненкогийн дух язарч, цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноор тулааныг болоогүйд тооцсон.

Өрсөлдөгч тамирчид нэгнээ тэмцээний дүрмийг санаатай зөрчиж гэмтээсний улмаас тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тулааныг болоогүйд тооцохгүй бөгөөд ийм үйлдэл хийсэн тамирчинг шууд ялагдсанд тооцдог. Энэ тохиолдолд гарах шийдвэрийг англи хэлэнд "Disqualification" гэх бөгөөд "DC" гэж товчилж бичдэг.

Жишээ: 2006.01.20-нд АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотод болсон Rumble on the Rock 8 тэмцээний хүрээнд Бразил улсын тамирчин Андерсон Силва, Япон улсын тамирчин Юшин Окамиг дэвжээнд гуравдагч цэгээр хүрсэн байхад нь толгойнд нь өшиглөсний улмаас Оками үргэлжлүүлэх боломжгүй болж, Силваг ялагдсанд, харин Окамиг ялсанд тооцсон юм.

2. Тамирчин тулаанд ялсан боловч хожим нь хориотой бэлдмэл (сэргээш, хар тамхи г.м.) хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд тулааны үр дүнг цуцалж, No Contest буюу тулааныг болоогүйд тооцдог.

Жишээ: 2007.02.24-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болсон Pride 33 тэмцээний хүрээнд Америк улсын тамирчин Ник Диаз, Япон улсын тамирчин Таканори Гомиг боох мэхээр буулган авсан хэдий ч шинжилгээгээр Диаз марихуана татсан нь тогтоогдсон тул тулааны дүнг "болоогүй" болгож өөрчилсөн юм.

No Contest шийдвэрийг "NC" гэж товчилж бичдэг. 



 Түр аварга (Interim champion)

Мэргэжлийн тулааны тэмцээн зохион байгуулагч аль нэг холбооны тухайн жингийн аварга нь эрүүл мэнд, хууль-эрхзүй гэхчлэнгийн асуудалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаанаар аваргын цолоо тодорхой хугацаанд хамгаалах боломжгүй болсон тохиолдолд, холбоо тухайн жингийн ангилалд чансаагаараа тэргүүлж байгаа хоёр тамирчинг хооронд нь тулалдуулж, ялсанд нь түр аваргын цол олгодог. Түр аварга нь дараагийн тулаандаа үндсэн аваргатай тулалддаг журамтай.

Жич: Мэргэжлийн боксын IBF холбооны дүрэмд түр аварга шалгаруулах зохицуулалт байдаггүй болно.


Үнэмлэхүй аварга (Undisputed Champion)

Тулааны спортын аль нэг төрлөөр дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулагч гол бүх холбоодоос, тухайн жингийн аварга хэмээн нэгэн зэрэг хүлээн зөвшөөрсөн тамирчинг үнэмлэхүй аварга гэдэг.

Мэргэжлийн боксын хувьд авч үзвэл, 1920-1963 онд NYSAC, NBA (WBA холбооны хуучин нэр) холбоодын цолыг нэгэн зэрэг эзэмших тамирчинг; 1963–1983 онд WBA, WBC холбоодын цолыг нэгэн зэрэг эзэмших тамирчинг; 1983–2007 онд WBA, WBC, IBF холбоодын цолыг нэгэн зэрэг эзэмших тамирчинг; 2009 оноос хойш WBA, WBC, IBF, WBO зэрэг дөрвөн гол холбооны тухайн жингийн аваргын цолыг нэгэн зэрэг эзэмших тамирчинг дэлхийн үнэмлэхүй аварга хэмээн тооцсоор ирсэн юм.

Америк улсын боксчин Бернард Хопкинс нь 1995 онд Эквадор улсын боксчин Сегүндо Меркадог ялж IBF холбооны дунд жингийн аварга болсон; 2001 онд Америкийн боксчин Кейт Холмсыг цол нэгтгэх тулаанд ялж IBF цолоо хамгаалангаа давхар WBC холбооны мөн жингийн аварга болсон; мөн ондоо Пуэрто Рико улсын боксчин Феликс Тринидадыг цол нэгтгэх тулаанд ялж IBF, WBC цолнуудаа хамгаалангаа давхар WBA холбооны аварга болсон; 2009 онд Америкийн боксчин Оскар Де Ла Хояаг цол нэгтгэх тулаанд ялж IBF, WBC, WBA холбоодын цолоо хамгаалангаа давхар WBO холбооны аварга болсноор, мэргэжлийн боксын түүхэнд гол дөрвөн холбооны аваргын цолыг нэгтгэж чадсан анхны тамирчин болсон юм.

Мэргэжлийн боксын дэлхийн үнэмлэхүй аваргуудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Сонирхуулахад, Америкийн холимог тулааны UFC холбоо нь өөрийнхөө аваргуудыг дэлхийн үнэмлэхүй аварга хэмээн дур мэдэн цоллодог юм. UFC нь дэлхийн мэргэжлийн холимог тулааны шилдэг тамирчдын дийлэнх олонхийг нь эгнээндээ багтааж, тус зах зээлд ноёрхлоо тогтоосноор ижил төстэй бусад холбоод UFC-ийн аваргуудыг үг дуугүй хүлээн зөвшөөрхөөс аргагүй байгаа юм.